- Tengis' Newsletter
- Posts
- Бал цаас яаж тусалж чадах вэ?
Бал цаас яаж тусалж чадах вэ?
хэний ч яриад байдаггүй аргуудыг хуваалцая
Бал цаас чамд баярлалаа. Эргээд харахад өчнөөн мэдрэмжээр аялдаг хүүхэд байж. Тэр болгоныгоо ойлгохгүй, тухай бүрт нь юу хийхээ ч мэдэхгүй, явсаар 20 гарч анх удаагаа тэр үед л анх бал цаас атгаж байсан. Өмнө нь бичдэг байсан ч энэ удаагынх шиг шимтэн орж байгаагүй билээ. Тэр цагаас хойш бичгийн эрдэм миний, асуудлаа шийдвэрлэх, өөрийгөө ойлгох, цэгцтэй бодох гүүр болсон. Энэ чадваргүйгээр сургуулиа амжилттай төгсөж, Америкийн шилдэг 500 компаниудын нэгэнд тэнцэж чадахгүй байсан байх.
Өнөөдөр хэрхэн бичиснээр та бодлоо эмхэтгэж, сөрөг мэдрэмжээс салж болохыг сурна. Насан туршийн мэдлэг байх болно.
Хэр олон удаа тархи чинь дэлбэрэх гэж байгаа юм шиг олон бодол хуралдаж, тэрэн дундаас тайван бодох гэж зүдэрч байсан бэ? Хэдэн удаа яасныг нь мэдэхгүй ч цаанаа л нэг сөрөг мэдрээд байхыг анзаарч байсан бэ? Тоогоо алдсан байх.
Шийдэгдээгүй асуудлууд байгаа учраас л энэ шинж тэмдгүүд илэрдэг. Тэдгээр үеүдэд хүмүүсийн гаргадаг алдаа бол зугтаах эсвэл үл тоох байдаг. Аль аль нь эцэстээ таныг дордуулаад дуусдаг.
Хийх зөв зүйл нь мэдрэмжлүүгээ шумбах юм.
Бал цаасаа барьж аваад бичиж эхэлнэ гэсэн үг юм. Асуудлаа мэдэж байгаа бол бүгдийг нь цувуулаад бич. Сайн бичих, гаргалгаа олох тал дээр бүү санаа зов. Дотроос юу л гарна тэрийг цувуулаад бич. Учир нь асуудлаа бичихын төдийд л тархи чинь гаргалгаа олсон байдаг. Одоо л бид тархиныхаа гайхамшгийг ашиглаж байна.
Бичих гэсэн чинь асуудлаа мэдэхгүй бол яах вэ?
Дараах хоёр аргын аль нэгийг нөхцөл байдлаасаа хамааран сонгон ашиглана:
“Түүхээ мөрдөх”
“Мэдрэмжээ мөрдөх”
Түүхээ мөрдөх
Өдөр болсон явдлаас болоод, сонин байгаагаа анзаарлаа гэж бодоё. Энэ үед 1-р аргыг ашиглана. Болсон зүйлсээ дарааллуулан бич. Батаатай уулзсан, кофе цуг ууж байхдаа утсаа л хараад байсан, юм хэлмээр байвч би хэлээгүй, гэх мэт бичнэ. Ингэж мөрдөж байхад тухайн цаг үеэр дахин аялаж байгаагаа анзаарах болно. Энэ үед мэдрэмжээсээ зугтаахгүй байж, тухайн өвдөлтийг мэдрэх нь чухал юм. Учир нь энэ л өвдөлт таныг өсгөдөг.
Мэдрэмжээ мөрдөх
Юунаас болсныг нь мэдэхгүй зүгээр л сөрөг мэдрээд байвал мэдрэмжийг мөрдөх арга тусална. Энэ нь мэдрэмжээ үгэнд буулгаж бичихийг хэлнэ. Дотор, ямар л мэдрэмжүүд байна тэр болгоныг нарийн оновчтой үгсээр тайлбарла. Мэдрэмж, үгээр тодорохойлогдох үед логик тархи ажиллагаанд орж, гаргалгаа орох суурь нь тавигдана.
Эдгээр бичих арга нь ердөө л хүний тархиний ид шидийг ашиглаж байгаа хэлбэр юм. Ихэнхи тохиолдолд бичиж байхад шийдэл олох бол, заримдаа маргааш нь эсвэл усанд орж байхдаа олно. Бичгээр далд ухамсартаа тухайн асуудлыг шийдвэрлэх кодыг өгсөн тул тэр.
Зөв хэрэгслүүд нь байвал сөрөг мэдрэмж гэдэг чиний бууж өгдөг цэг байх албагүй. Харин ч эргэлтийн цэг юм. Бал цаасандаа урагшаа!
Хэрэгтэй найзтайгаа хуваалцаж амьдралыг нь өөрчлөөрэй. Мөн, Америкийн их сургуульд өргөдөл бэлтгэхдээ хувьчилсан зөвөлгөө авах бол(100% үнэ төлбөргүй): https://calendly.com/tengistngs1/1hour